ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬТОЙ БОЛОВ.
Баян-Өндөр сум хүнсний ногооны хэрэгцээгээ орон нутагтаа хангах зорилгоор өнөө жил 80 тонн төмс, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай зоорийг барьж байгуулж, ашиглалтад оруулав. Уг хүнсний ногооны зоорийг “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төсөл ба Орон нутгийн хөгжлийн сангаас 50, 50 хувиар санхүүжүүлж; нийт 78,181,623.0 төгрөгийн төсөвт өртгөөр “Отгон Минж” ХХК 2022 оны 6 сарын 20-доос 8 сарын 20-дын хугацаанд барьж байгуулсныг Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ оны 9 дүгээр сард хүлээн авсан болно. Хүнсний ногооны зоорь нь хуучнаар Өвсний хашаа буюу өнөө жил байгуулсан Өвсний фондтой зэргэлдээ байрлалд цахилгаан эрчим хүчээр нэг дор хангагдсан бөгөөд зориулалтын агааржуулалтын хоолойтой, өвлийн улиралд +3-аас 0 хэмийн стандартаар дулаан хадгалах юм. Дулааны улиралд малчид айраг цагаан идээ хадгалахад мөн тохиромжтой. Цаашид хадгалалтын модон тавиуртай болгох ажлыг төлөвлөж байна. Мөн энэ байршилд мах хөлдөөх зориулалт бүхий 40 тонны багтаамжтай, хөргүүртэй агуулахыг Орон нутгийн хөгжлийн сангийн 88.9 сая төгрөгийн санхүүжилтээр барьж байгуулах ажил энэ долоо хоногт эхэлж, одоогоор Өвсний фонд, Хүнсний ногооны зоорь, Махны агуулахыг нийтэд нь хашаажуулах ажил хийгдэж байна.