БУМБАТ 5 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн болон нийтийн хурлыг улирал тутамд зохион байгуулж байхаар тогтсон. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу жил бүрийн 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дараа онд ОНХС-ийн хөрөнгөөр орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг тухайн шатны хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан. Энэ хүрээнд Баян-Өндөр сумын таван багийн иргэдийн Нийтийн Хурал 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдөр 2022.07.01-ний өдөр Бумбат 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал Соёлын төвд боллоо. Хурлын эхэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чулуунпүрэв аймгийн ИТХ-ын мэдээлэл, төлөөлөгчийн хувиар хийж буй ажил, улс, аймаг, сумын төсвийн тухай ойлголт, тэдгээр төсвийн хөрөнгөөр Баян-Өндөр суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, ажил, үйлчилгээний талаар мэдээлэл өгөв. Сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, Засаг дарга С.Чулууншагай нар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажил болон дараа жилийн төсвөөр хэрэгжүүлэх ажлын саналын талаар танилцуулга хийлээ. Тавдугаар багийн иргэд Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар 2023 онд хийгдэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэн хэлэлцэж шийдвэрлэв.