БАТХААН 2 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО
Батхаан багийн төвд 2022.06.30-ны өдөр 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Батхаан багийн иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сум баг, орон нутгийнхаа хог хаягдлыг цэгцлэх, түүнийг шийдсэн бусад сумын туршлагын талаар болон мод тарих, түүнийг арчилж тордох талаар зэрэг оновчтой санал санаачилга олныг гаргаж, хуралдаа ирц сайтай, идэвх санаачилгатай оролцов. Хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чулуунпүрэв, сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, Засаг дарга С.Чулууншагай, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн А.Нэргүй нар холбогдох мэдээлэл танилцуулгыг хийв. Багийн хуралдаа Батхаан багийн төв рүү Хорхойтын эх Улаан эрэгээс Аймгийн сайн малчин П.Бядарна 10 гаран км, Өвөр Царамаас Аймгийн сайн малчин, Алтан хурганы эзэн Ж.Сайнбилэг 30 гаран км хос цавьдар морьтой ирж, багийн хуралдаа оролцсон нь онцлог байлаа. Сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал П.Бядарна гуай 80 шахам, Ж.Сайнбилэг гуай 70 шахам настай хүмүүс багийн хуралдаа мориор ирж оролцсонд бахархаж, талархаж байгаагаа илэрхийлж, хуралд оролцогчид баяр хүргэв. Батхаан багийн төвийн байрны дэргэд хуучин эмнэлгийн туурин дээр 1980 оны сургууль төгсөгчдийн тарьсан мод 100 хувь бүрэн ургаж байна. Энэ сайхан санаачилгыг багийн иргэд, сумын удирдлагууд дэмжиж, ирэх жилийн ОНХС-ийн хөрөнгөөр хашааг өргөтгөн, нэмж мод тарихаар тогтов. 1980 оны төгсөгчид маань зөвхөн мод тарьж, хашаажуулаад орхисонгүй, багийн төв дээр нутагладаг Т.Гансүхээр байнгын усалгааг хийлгэж, ажлын хөлсийг шийдэж өгдөг сайн жишиг тогтоожээ.