АЙМГИЙН АРСЛАН ТӨРБАТЫН ДОВЧИНСЭМБЭЭ ҮЗҮҮРЛЭЛЭЭ
АЙМГИЙН АРСЛАН ТӨРБАТЫН ДОВЧИНСЭМБЭЭ ҮЗҮҮРЛЭЛЭЭ Өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болсон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын арслан, Гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 0256 дугаар анги, “Бумбат зүрх” ХХК-ийн бөх, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ уран хурц барилдааныг үзүүлэн урамтай сайхан барилдаж, үзүүр булаалаа. Өнөөдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээ: 1. Нэгийн даваанд: Аймгийн начин О.Баярбаасан /Архангай/ 2. Хоёрын даваанд: Аймгийн арслан Т.Буянжаргал /Дорноговь/ 3. Гурвын даваанд: Аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/ 4. Дөрвийн даваанд: Улсын заан Э.Анар /Дорнод/ 5. Тавын даваанд: Улсын харцага Н.Золбоо /Баянхонгор/ 6. Зургаагийн даваанд: Улсын харцага Б.Цэдэнсодном /Өвөрхангай/ 7. Долоогийн даваанд: Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ нарыг давж, 8. Наймын даваанд: Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/-д өвдөг шороодон нутгийн улсын арслангийнхаа нэрэмжит барилдаанд үзүүрлэснээр Монгол бөхийн өргөөнд зохиогдож буй улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд анх удаа үзүүрлэсэн онцгой амжилт гаргасан юм. Үүнээс өмнө Т.Довчинсэмбээ арслан 2021 оны 8 дугаар сард Хүй долоон худагт болсон улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаанд 7 даван их шөвөгт шалгарч, тухайн үед барилдсан бөхчүүдэд зарласан ёсоор Монгол Улсын зааны давааны болзлыг хангаад байгаа билээ. Төрбатын Довчинсэмбээ 1988 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Үндэсний бөхөөр: 2007 онд: Ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээ Баян-Өндөр сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол; 2011 онд: “Их шавь” дээд сургуулийг төгссөн жилээ Өвөрхангай аймгийнхаа наадамд 5 даван шөвгөрч, аймгийн начин цол; 2012 онд: Өвөрхангай аймгийнхаа наадамд 5 даван шөвгөрч, аймгийн начин цолоо баталж, чимэг нэмсэн; 2013 онд: Өвөрхангай аймгийнхаа наадамд 5 даван шөвгөрч, аймгийн начин цолоо баталж, чимэг нэмсэн; 2016 онд: Өвөрхангай аймгийнхаа наадамд 8 даван түрүүлж, аймгийн арслан цол; 2018 онд: Өвөрхангай аймгийнхаа наадамд 7 даван үзүүрлэж, чимэг нэмсэн; 2019 онд: “Хүрээ цам” даншиг наадамд 5 даван шөвгөрч, даншгийн начин цол; 2021 онд: Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаанд 7 даван шөвгөрч, улсын заан цолны даваа давсан. Аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээдээ Б.Ганбаатар арслангийнхаа түүчээлсэн амжилтад хөтлөгдөн улсын өндөр цолонд удахгүй хүрэхийн ерөөл өргөе. Нутгийн уул ус мөнхөд түшиж, монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай