Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН БАНДИЙН ГАНБААТАРЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААН БОЛЛОО

2022-05-08

Өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын арслан, Гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж, нутгийн удирдлагын зүгээс хүндэтгэл үзүүлж оролцлоо. Бандийн Ганбаатар арслан 1980 онд 22 насандаа улсын начин цол хүртэж, 1985 онд улсын начин цолтойгоор тухайн үе болон хойчийн цагийг эзэлсэн алдар цуут Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Хадбаатар нарын дөрвөн аваргыг өвдөг шороодуулж, уран гавшгай барилдаанаараа улс даяар шагшигдан түрүүлсэн юм. Түүгээр зогсохгүй Бүх ард түмний спартакиад, Улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд дараалан түрүүлсэн амжилтаараа тухайн үеийн хууль журмаараа бол улсын аварга цолыг зүй ёсоор хүртэх ёстой байсан гэж ч үздэг билээ. Б.Ганбаатар арслан бол зөвхөн Баян-Өндөр сумын гэлтгүй Өвөрхангай аймгийн нийт бөхчүүддээ түшиг тулгуур болж явдгийг нутгийн бөхчүүд бэлхнээ мэднэ. Самбо, жүдо бөхөөр улс, олон улсын тэмцээнээс 40 гаруй медаль авсан Олон улсын хэмжээний мастер тэрбээр их спортын тамирчдыг улс, тив, дэлхийн хэмжээнд бэлдэж, гаргасан амжилтыг нь төр засгийн зүгээс 2009 онд Гавьяат дасгалжуулагч цолоор үнэлж шагнасан. Монгол Улсын 21 аймаг, 330 сумаас улсын наадмын түрүү бөхтэй аймаг, сум тэр болгон байхгүй. Тийм болохоор улсын наадмын түрүү бөхтэй сум гэдэг бол үндэсний бөхийн хүрээний хувьд, өв соёлоо дээдэлдэг монголчуудын хувьд маш том нэрийн хуудастай сум гэсэн үг мөн. Монголчууд хэн хүнтэй танилцаж, нутаг усыг нь мэдэлцээд тэр нутгийн бөхөөр нь эхэлж мэддэг, лавшрууулдаг нь бөхөө дээдэлдэг манай ард түмний сонин сайхан онцлог заншил гэж хэлж болно. Нэг нутгаас том цолтой бөх байна гэдэг нутгийн бөхчүүддээ маш том нөмөр нөөлөг, түшиг тулгуур болдог гэдгийг бөхчүүд, бөхийн хүрээнийхэн ярилцдаг. Архангай, Өвөрхангай, Увс гээд улсын наадмын хамгийн олон түрүүтэй аймгууд бол мэдээж тухайн ард түмний төрмөл авьяас, бие бялдрын онцлог, газар нутаг, удам судрыг дагахаас гадна түрүү үеийн томчуудын нөмөр нөөлөг, алдар цуу их нөлөөлдөг, барилдах бөхчүүдийн сэтгэл зүй шал ондоо байдаг хэмээдэг. Тэгэхээр Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн бөхчүүдийн өмнөх жилүүдэд гаргасан амжилтад улсын наадмын түрүү бөх, гавьяат дасгалжуулагч, арслан Ганбаатарын амжилт, алдар цуу, арвин туршлага онцгой нөлөө үзүүлсний дээр хойшид гаргах олон олон амжилтад салшгүй холбоотой байна гэдэгт итгэлтэй байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын Хүчит арслан Бандийн Ганбаатар Таны нутгийн ард түмэн, үе үеийн бөхчүүдийн өмнө бүтээсэн бахархалд тань Баян-Өндөр сумын зон олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та урт насалж, удаан жаргаж, нутаг орныхоо бахархлыг бадрааж явахыг хүсэн ерөөе. Монгол бөхийн босоо цагаан хийморь Таныг болон нутгийн зон олныг маань ашид ивээх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%