9-Р САРЫН 10-ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-ИХ ХЯДЛАГЫГ ГАШУУДАН ДУРСАХ ӨДӨР
1937 оны намар ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Смирнов нар Монголд ирэхдээ Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул хэмээн нэрийдсэн 115 хүний нэрсийн жагсаалт авч ирсний дагуу 1937 оны 9 дүгээр сарын 10-ны шөнөөс өргөн баривчилгаа эхэлж, түүнд төр, нам, соёл, олон нийт, цэргийн зүтгэлтэн, лам, хар олон мянган хүн өртөж алуулсан билээ. Их хэлмэгдүүлэлт гэх их хядлага нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилжээ. Хэдэн зуун жилээр Монголын оюун санаа, толгой, сор болсон сэхээтний бүлгийн 45,000-55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тоо байдаг ч 100,000 гаруй гэсэн судлаачдын гаргасан тооцоо ч бий. Үнэндээ 1996 онд Ардчилсан хүчин Засгийн эрхийг авснаар сая нэг "Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-г бий болгож, “Улс төрийн хилс хэрэгт олон зуун мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсэн"-ий төлөө Монголын төр ард түмнээсээ анх удаа уучлал гуйсан юм. Мөн хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор өгч эхэлсэн билээ. Монголын ард түмний сор оюун санаа болсон бүлэг давхаргыг устгахын төлөө хийгээгүй хэргийг эрүүдэн тулгаж, Чингис хааны угсаа алтан ургийн язгууртнууд, эрдэмтэн мэргэд, шашны зүтгэлтнүүд, үндэсний үзэлтнүүдийг Оросын коммунистуудын шууд заавар, өөрсдийн хар амины эрх ашгийн төлөөнөө их аллага, геноцид хядлага үйлдсэн нь үнэн билээ. Тиймээс бид олж авсан ардчилал, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалж явах учиртай юм. Дахин хэлмэгдлийг гаргахгүй байх дархлаа нь ардчилал мөн.