ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ГҮНГИЙН ХОШУУ: ТҮҮХ, СОЁЛ, БАЙГАЛЬ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Соёлын төвд болов. Уг эрдэм шинжилгээний хурлыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан, Архивын Ерөнхий Газартай хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Баян-Өндөр сумын Засаг дарга Содномын Чулууншагай үг хэлэв. Хуралд Баян-Өндөр сумын уугуул, Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Данзангийн Лүндээжанцан, Баян-Өндөр сумын уугуул, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, зохиолч Ширсэдийн Цэнд-Аюушийн охин, Сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Ц.Нацагдолгор нар мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн эрдэм шинжилгээний хурлыг голлон зохион байгуулагч ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/, профессор Ц.Цэрэндоржийн мэндчилгээг тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхтөр уншиж сонордуулав. Хурлын үйл ажиллагаа, хүрэлцэн ирсэн зочид, оролцогчид, нутгийн зон олонд зориулан сумын “Гэдандаржаалин” хийдийн лам Батмөнхийн Мандахбаяр, Бямбаагийн Бат-Эрдэнэ нар Өндөр гэгээн Занабазарын айлдсан Хүрээ дэгийн дагуу “Жанлавцогзол”, “Нүрзэд” номыг цантай аялгуулан хурж, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Мөнхбатын Билгүүнчимэг “Жонон харын явдал” морин хуурын аялгуу, Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт 3 дугаар багийн малчин, ахмад настан Ханхайн Шоовдор “Эр бор харцага” уртын дууны ая өргөсөн юм. Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх, соёл, байгаль” эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа үдээс өмнө нэгдсэн хуралдаанаар эхэлж, үдээс хойш хоёр салбар хуралдаанд хуваагдан үргэлжилсэн бөгөөд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Геологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Архивын Ерөнхий Газар, Монгол Улсын Үндэсний номын сан, “Чингис хаан” Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалахын Төв архив, Монгол Улсын Их Сургууль, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Төрийн архив, Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургууль, Бурхан шашны дээд сургууль, Бэтүб хийдийн Найдан эмнэлэг зэрэг 20 орчим байгууллагын 38 эрдэмтэн, судлаач илтгэлээ хэлэлцүүллээ Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу ба Баян-Өндөр сумын үүх түүх, өв уламжлал, үндэс угсаа, шашин соёл, байгалийн нөөц баялаг, ус ургамал, түүхэн хүмүүс, төр, нийгмийн зүтгэлтнүүд, бүтээн байгуулалт, улс төрийн байгуулал, тус нутгийнхны түүхэн үйл явдлуудад оролцсон байдал, гүйцэтгэсэн үүрэг тэргүүтэй олон талт судалгааг нутгийн ард түмэн, зон олонд илтгэлээрээ танилцуулан сонордуулав. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл Баян-Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарна. Хурлын төгсгөлд эрдэмтэн судлаач, оролцогч, нутгийн иргэдийн дунд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулснаар эрдэм шинжилгээний хурал өндөрлөж, сумын удирдлага, байгууллагууд, ард иргэдийн зүгээс хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо хүндэтгэн хүлээн авч, нутгийн идээ цагааны дээж, брэнд бүтээгдэхүүнийг багтаасан бэлгээр гар цайлган урамшуулж, талархан үдэж өгсөн билээ.