ГЭДАНДАРЖААЛИН ХИЙДИЙГ ШИНЭЭР БАРИХ
Баян Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ойд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх БШДС- ийн дэд захирал Б.Жамбалын санаачлагаар Гэдандаржаалин хийдийг шинээр барих буяны үйлсэд унаган нутгийн иргэд, сүсэгтэн олон та бүхэн идэвхтэй оролцоно уу хэмээн уриалж байна. Дэмжигч : Баян Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Баян Өндөр сумын иргэдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Баян-Өндөр Сум Гэдандаржаалин Хийд ; Баригдаж эхлэх: 2024.4.20 ашиглалтанд орох: 2024.7 сар Хандивын данс: 5028129063 Б.Жамбал /жич: Хандивын данс зарцуулалт ил тод бөгөөд МУ -ын гавьяат багш Ж. Чимэдрэгзэн болон гишүүдийн оролцоотой байх / Хандивын хүлээн авалт : Гандан Тэгчэнлин Хийд их гэр 2024. 4. 5 ны 17 цаг Түшээт хан аймгийн Далай гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянөндөр сум нь Энх-Амгалангийн 31 он буюу 1692 онд анх байгуулагджээ. Далай гүний хошууны гол хийд болох Далай гүнгийн хүрээ нь одоогийн Есөн Зүйл сумын төв Цагаан овооны энгэрт 1801 онд Пунцаг ламын санаачилгаар анх байгуулагдсан ба 4 аймаг, 6 дацан, 16 дуган сүмтэй 1500 ламын данстай Дашчойнхорлин хийд нэртэйгээр байгуулагджээ. Тус хүрээг нутгийн ардууд Шанхын уулнаас дуганы мод, Дөлгөөн уулнаас боржин чулууг олон тооны үхэр хайнагаар зөөж хятад мужаан шаварчин нараар бариулсан түүхтэй. Хошууны төвд хуралтай болох зорилгоор Далай гүнгийн хүрээний нэгэн жас болох Харзтайн сүмийг хошууны сүүлчийн засаг ноён Алтанхуягийн санаачилан Баян-Өндөр сумаас хойш 10 орчим км-ийн зайд Өндөр улаан уулын өвөр харзтайн голын эрэг дагуу 1900 оны үед барьж байгуулсан . Тус дуганы чулууг Дөлгөөн хайрханы Сэнжит цохио хэмээх газраас бэлтгэсэн бөгөөд уртаашаа жаран жан өргөөшөө арван жан хэмжээтэй том дуган байжээ. 1991 онд сүсэгтний холбоо байгуулагдан анхны даргаар хүний их эмч Даажамба, 1992 онд С.Батмөнх, 1994 онд Г.Чагнаадорж, 1997 онд Ц.Цэнд нар сонгогдон ажиллаж байсан ба мөн тус холбооны үе үеийн идэвхитэн гишүүд болох сүсэгтэн Даваагийн Суурь, Төмөртогоо, Цэдэндоржийн Дагий, Я.Дагвадорж, Дашдоржийн Өлзийбат, Шоовдор, Гүндэгмаа, Д.Бадамсүрэн нарын хүмүүс идэвхи зүтгэл гарган оролцож сүсэгтэний холбооний тэргүүн Цэдэнбалын Цэнд бээр санаачлан өвгөн лам нар сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр 1997 онд сум хөгжүүлэх сангаас 1.1 сая төгрөгийн зээл авч мөн сүсэгтэн олны хандив тусламжаар нийт 5.5 сая төгрөгийн өртөгтэй дуганыг бариж ашиглалтанд оруулан одоог хүртэл 27 дахь жилдээ хурал ном хурсаар байна. Дуганы барилгыг Д. Өлзийбат багшийн заавар зөвлөгөөн дор хүү Өлзийбатын Баяндуулдах, Бүрэнмэндийн Баасанжав, Батцэрэнгийн Баасанжав, Гомбын Цэдэнсодном нар бүтээн босгосон байна. Шинэ дуган ашиглалтанд ороход тусалсан нэр бүхий эрхэмүүдээс дурдвал: Д.Ёндон /Дөөдөө/, Ядамсүрэн /Уваа/, Улаанбаатараас УИХ-ын гишүүн Лүндээжанцан, Ц.Дагий /өндөр настан/, Д.Суурь тэргүүтэн сумын ард иргэд бүх нийтээр оролцон хандив өргөж барьсан бөгөөд хурлын ширээ, түй мандалын хэрэгсэл тэргүүтэнг Дашдоржийн Өлзийбат урлаж, жавданг Сүрэнгийн Шатар, Бурханы гүнгэрваа зэргийг багш асан Мянганбуугийн үр хүүхдүүд хийж гүйцэтгэжээ. Хурал номоо дахин сэргээхэд бие сэтгэлээ зориулж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн өвгөн лам нараас дурдвал: Тэргүүн лам Д.Ёндон /дөөдөө/, Унзад лам Ядамсүрэн /уваа/, Шанхын баруун хүрээний их унзад Майдарын Даваа, Ө.Балдангомбо, С.Готов, Б.Юндэн, Ёндонжамц, Д.Цэнд, тэргүүн лам Б. Мандахбаярын өвөг эцэг Ёндон, Мажаа, Дамдинсүрэн, Гүр, Цэрэндагва, Лувсанцэрэн нарын олон дээдсүүд хурлын дэг жаяг, ая дан, чого чагланг орхигдуулалгүй хойч үедээ дахин залгуулаад ертөнцийн мөнх бусыг үзүүлэн бурхны орондоо морилжээ. Баян-Өндөр сумын сүсэгтэн олны буянт үйлсэд зориулан лам Лувсан-Осор, Ц.Дагий нар 2000 онд анхны суваргыг байгуулж, дараа нь 2003 онд уран барималч Д.Баасанжавын дурсгалд зориулж, мөн Мандахын Олзвой түүний хүүхдүүдээс зориулсан буяны суваргууд Баян-Өндөр сумын төвд бүтээгдсэн. Мөн лам Лувсан-Осор, Дагий нар Ганжуурын 108 ботийг сумынхаа хийдэд өргөсөн байна. Мөн Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин хийдийн лам Ч.Балжинням ах дүү, шавь нарын хамт, бурхан болооч Ц.Дагий үр хүүхдүүдийн хамт гадна байрлах Сүм дээвэр бүхий ганжуурын хүрд , Эдүгээ 103 сүүдэр зооглож буй тус харьяат жолооч өндөр настан Ц. Санжаадорж / Сэргэлэн Санжаа/ үр хүүхэд ах дүүсийн хамт Ганжуурын эргэдэг хүрд, Цагдаагийн Ерөнхий газрын дэд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д. Ядамдорж ах дүүсийн хамт сүмийн үүдэнд байрлах чулуун хоёр чулуун арслан, бурхан болооч С.Шатарын хань үр хүүхдүүдээс чулуун сангийн войпор, Бумбат зүрх ХХК-ын захирал Г. Ичинхорлоо үр хүүхдүүд, ах дүүсийн хамт Арслант ширээ тэргүүтнийн бүтээн залсан. Хийдийн барилгыг хуучин модон худгийн палкаар бүтээн босгосон бөгөөд барилгын суурь маш намхан, бат бөх бус учир жил ирэх тутамд мод нь илжирч суулт өгөн нурахад хүрээд байна. 2022 оны 9-н сард дулааны шугамд холбогдсоноор хүйтэн сэрүүн улиралд ч хурал ном тогтмол хурах нөхцөл боломж бүрдээд байна. 2023 онд МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШДСургуулийн дэд захирал Б.Жамбал бээр санаачлан Баян-Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ойн ажлын хүрээнд хийдэд Арван хангал тэргүүтэн сахиус шүтээнүүдийг бүтээлгэн залав. Тодруулбал: бурхан болооч Монгол улсын сайн малчин Чүлтэмийн Аюурзаны хань П.Цэрэнхүү үр хүүхдүүдийн хамтаар Бурхан багш, Манал, Лхам сахиус залсан бол Гонгор сахиусыг Д.Өлзийбатын үр хүүхдүүд,бурхан болооч Дампилын Чулуугын хань Гэлэгпил үр хүүхдүүдийн хамт, Дамдинчойжоо сахиусыг бурхан болооч Юндэнгийн Гансүхийн хань Нансалдулам үр хүүхэд ах дүүсийн хамт , Намсрай сахиусыг бурхан болооч Д. Ханхайн , Л.Нэргүй нарын үр хүүхдүүдээс, Жамсран сахиусыг /Ханхар Лувсанцэдэн өвгөний гол шүтээнийг / бурхан болооч Гомбын Сэр-Одын хань Л. Цэрэндулам үр хүүхэд, ах дүүсийн хамт, Очирваань сахиусыг Даваагийн Суурь гуай үр хүүхдүүдийн хамт, Шалши сахиусыг сүсэгтэний холбооний тэргүүн асан Цэдэнбалын Цэндийн хань Пүрэвжаргал үр хүүхдүүд болон хүргэн С.Гансүх захиралтай “Дэлгэрэх билэг” ххк-аас , Цамба сахиусыг талийгаач Сайнбуянгийн Бавуугийн үр хүүхэд ач зээ нараас тус тус бүтээлгэн залсан байна. Гэдандаржаалин хийд нь одоогоор 6-н лам, 1 үйлчлэгч нийт 7-н хүний бүрэлдэхүүнтэй байнгын хурал номын үйл ажиллагаа явуулж байна. Эрхэм буяны садан та бүхнийг төрөлх сумынхаа 100-н жилийн ойд бодитой хөрөнгийг оруулан Гэдандаржаалин хийдийг шинээр бүтээн байгуулах буяны үйлсэд өөрийн бие хэл сэтгэлийн өглөгийг харамгүй хайрлан идэвхийлэн оролцохыг уриалж байна. Төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулсан буян тань арван зүгтээ түгэн дэлгэрч та болон таны эцэг дээдэс үр хүүхдүүдэд тань номын цагаан буян орших болтугай.