Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээлэл


нийт 222

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2022-09-25 156
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Цэргийн хурц арслан Дашмаагийн Цэрэндоржийн нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын арслан Б.Ганбаатарын нэрэмжит спорт зааланд болж байна. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд насны 4 ангиллын дагуу 12 сумын 120 гаруй өсвөрийн бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Барилдаан 2022 оны 9 дгээр сарын 24, 25-ны өдрүүдэд болно.

ЦАГААН ДАРЬ ЭХИЙН НАСНЫ БҮТЭЭЛ БУЮУ НАСНЫ АВШИГ ХҮРТЭЭХ ХУРАЛ СОЁЛЫН ТӨВД БОЛЖ БАЙНА

2022-09-25 183
Бурхны шашны “Таариймаа” төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн, гэвш Содномдорж, тус төвийн лам Сандаг-Очир, Баян-Өндөр сумын уугуул, “Идгачойнзинлин” дацангийн хурлын лам Ч.Балжинням нар Баян-Өндөр сумын иргэд, сүсэгтэн олонд зориулан Соёлын төвд Цагаан Дарь эхийн насны бүтээл хурах буюу Насны авшиг хүртээж, Бурхан багшийн сургаал номлолоос айлдаж байна. Цагаан Дарь эхийн насны бүтээлийг нас буян хурайлах, цөв барцдыг арилгах, өвчин зовлон, гай тотгороос гэтэлгэх, буян хишиг доройтсоныг сэргээхэд хурж, насны авшиг хүртээдэг ажээ.

БАЯН-ӨНДӨР 2022 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО

2022-09-22 142
Баян-Өндөр-2022 үзэсгэлэн худалдаа 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр соёлын төвд зохион байгуулагдах тул жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, тариаланчид, малчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
khural.mn

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10-Р ХУРАЛДААН БОЛНО.

2022-09-14 120
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10-Р ХУРАЛДААН БОЛНО. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт сумын Соёлын төвд хуралдана. Хуралдаан иргэд олон нийтэд нээлттэй болох тул иргэд та бүхэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, хуралдаанд оролцохыг урьж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. “Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран залуучууд, ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж, соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, сайн дурын ажил, санал санаачлагыг дэмжих 2. “Татварын орлогын бүрдүүлэлтийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” 3. “Улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явц үр дүнгийн тухай” 4. "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслийн зээлийн эргэн төлөлт тухай. 5. Малжуулах төслийн хэрэгжилт, эргэн төлөлтийн талаар. 6. Суманд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар. 7. Амьжиргааг дэмжих зөвлөлийн тайлан, нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар. 8. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын хэрэгжилт, орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцын тухай. 9. Хууль тогтоомж, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлтийн тухай. 10. Бусад асуудал

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨРТ ЗОРИУЛАН “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШАЛТГААН, ҮР ДАГАВАР, СУРГАМЖ” СЭДЭВТ МЭДЭЭЛЛИЙГ СУРАГЧДАД ӨГЛӨӨ

2022-09-13 133
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 27 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийнханд “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ДҮГНЭЛТ, СУРГАМЖ" сэдвээр түүхийг танин мэдүүлэх хичээл орж, сонирхсон асуултад хариулж мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна.

МЯЛААЛГА ӨРГӨХ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ НААДМЫН ХӨТӨЛБӨР

2022-08-11 136
Аймгийн арслан Лхагваагийн Батсайханы цолны мялаалга, Баян-Өндөр сумаас 2021, 2022 онуудад төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх наадмын хөтөлбөрийг хүргэж байна. Уг наадмаар аймгийн арслан Лхагваагийн Батсайханд мялаалга өргөж, Монгол Улсын Манлай уяач Мандахын Мөнхбат, Монгол Улсын Гоц мэргэн, Мэргэн ''Шонхор'' багийнхан, Аймгийн Гоц харваач Пүрэвдоржийн Мааньдайрий, Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан Жандалын Довчинсүрэн, Монгол Улсын Гавьяат багш Долгорын Бэхбат, Жанцангийн Чимэдрэгзэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дондогийн Ганбаатар, Бригадын генерал Дашзэвэгийн Мөнгөнжин нарт хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн "Молор эрдэнэ" морин спорт уяачдын холбооноос зохион байгуулах 'Монгол адуучин-2022'' морьтны өв соёлын өдөрлөгийн хөтөлбөрийг хүлээн авна уу.

БАЯН-ӨНДӨР СУМЫНХАА БАЯР НААДМЫН ГЭРЭЭР ЗОЧЛООРОЙ

2022-07-25 134
Эрхэм нутгийн зон олон Та бүхэн сайхан наадаж байна уу? Өвөрхангай аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр цэнгэл наадам 2022 оны 7 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж байна. Өвөрхангай аймгийн 19 сумын баяр наадмын гэрүүд наадмын талбайн Төв асрын ард, сурын талбайн зүүн талд байрлаж байгаагаас, Баян-Өндөр сумын гэр сумдын гэрийн хойд эгнээнд байрлаж байна. Нутгийн наадамчин олон Та бүхэн Баян-Өндөр сумынхаа баяр наадмын гэрээр зочилж, нутгийн айргаа уухыг урьж байна. Нутгийн зон олон, ахан дүүс минь аймаг байгуулагдсаныхаа 90, 91 жилийн ойн баяр наадамдаа сайхан наадаарай!

БАЯН-ӨНДӨР СУМЫН БАЯР НААДМЫН ТӨСВИЙН #ТАЙЛАН, #ТАЛАРХАЛ

2022-07-15 147
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын баяр цэнгэл наадмын #төсвийн_тайланг танилцуулж байна. Үндэсний их баяр наадамд зориулан сумын төсөвт жил бүр 5 сая төгрөгийг баталдаг бөгөөд өнөө жилийн хувьд Баян-Өндөр сумаас 2021 онд төрсөн #аймгийн_аварга_малчид маань сумын наадмаа #ивээн_тэтгэж оролцсоноор баяр наадам өргөн дэлгэр, наадмын бай шагнал өндөр боллоо. Тухайлбал, сумын төсвөөс сур, шагайн харваа, жороо морины уралдааны бай шагналд зардал гаргаснаас бус, аймгийн аварга малчид маань өөрсдийн санаачилгаар 6 насны морьдын бай шагналыг сумын огт оролцоогүйгээр бүрэн хариуцсан юм. Түүнчлэн, сур харваа, шагайн багийн болон цуваа харваа, үндэсний бөх, хүүхдийн бөхийн барилдаан, жороо морины уралдааны бай шагналд тус бүр тодорхой зардлыг хандивлаж оролцов. Ингэхдээ, сумын ЗДТГ-ын зүгээс зөвхөн өөрийн гаргасан төсвийн хүрээний зардлыг захиран зарцуулсан ба бусад хандивын зардлыг наадмын комиссод төвлөрүүлэлгүйгээр малчин өөрөө тухайн хариуцаж буй төрлийн бай шагналыг шууд гардуулах замаар зохион байгуулсан болно. Өнөө жилийн сумын наадмын хувьд, #сурын_харвааны төрлийг нэмж, эрийн гурван наадмаа бүтэн болгосон, олон жил тасалдаад байсан #жороо_морины_уралдааны уламжлалыг сэргээсэн, бөхийн барилдааны давааны наймаа, найраанаас сэргийлэх зорилгоор #Гурвын_давааг наадмын эхний өдөр зохион байгуулснаараа #онцлог боллоо. Цар тахлын улмаас хоёр жилийн дараа зохион байгуулагдаж буй Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, бай шагнал өндөртэй, наадамчин олон сэтгэл хангалуун зохион байгуулахад сэтгэл, зүтгэл гарган томоохон дэмжлэг үзүүлсэн эрхэм хүндэт аймгийн аварга малчдадаа тусгайлан гүн талархал илэрхийлье. Сумын наадмаа ивээн тэтгэсэн аймгийн #аварга_малчид: 1. Батхаан 2 дугаар багийн малчин Дашзэвэгийн Пүрэвдорж - Азарганы уралдааныг 1,800,000.0 төгрөгөөр байлж, унаач хүүхэд бүрд гарын бэлэг гардуулсан. 2. Батхаан 2 дугаар багийн малчин Нанзадын Дарамбазар, Эмээлсүрэнгийн Баянбилэг - Их насны уралдааныг 1,500,000.0 төгрөгөөр байлсан. 3. Батхаан 2 дугаар багийн малчин Жалбаагийн Жаргалсайхан 1,000,000.0 төгрөг, Бумбат 5 дугаар багийн малчин Довчинсүрэнгийн Энхбаатар 500,000.0 төгрөгөөр Соёолонгийн уралдаан, Сурын харвааг байлсан. 4. Бөмбий 1 дүгээр багийн малчин Ханхайн Батжаргал, Аюурын Доржпүрэв - Хязаалангийн уралдааныг 2,000,000.0 төгрөгөөр байлсан. 5. Хартойром 4 дүгээр багийн малчин Дуламдоржийн Зээхүү, Бадамгаравын Онолбаатар - Шүдлэнгийн уралдааныг 1,000,000.0 төгрөгөөр байлсан. 6. Өвөрзүлэгт 3 дугаар багийн малчин Хорлоогийн Бат-Эрдэнэ - Дааганы уралдааныг 1,450,000.0 төгрөгөөр байлсан. 7. Өвөрзүлэгт 3 дугаар багийн малчин Шаравын Алтангэрэл - Шагайн багийн харваа, Жороо морины уралдааныг 500,000.0 төгрөгөөр байлсан. 8. Бумбат 5 дугаар багийн малчин Жанзангийн Дүнгээ - Үндэсний бөх, Хүүхдийн бөхийн барилдаан, Шагайн цуваа харвааг 1,350,000.0 төгрөгөөр тус тус байлсан.

БӨМБИЙ 1 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022-07-02 134
Өнөөдөр 2022.06.30-ны өдөр Бөмбий багийн төвд 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Нэгдүгээр багийн иргэд Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар хийгдэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чулуунпүрэв, сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, Засаг дарга С.Чулууншагай, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн А.Нэргүй нар холбогдох мэдээлэл танилцуулгыг хийж оролцов. Хүрэлцэн ирсэн иргэд хуралдаа идэвх санаачилгатай оролцлоо. Үүний дотор Нэгдүгээр багийн иргэн Ю.Баярбат ОНХС-ийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийхэд баримтлах журам батлах санал гаргасныг дэмжиж, сумын ИТХ-аар хэлэлцэхээр тогтов. Бөмбий баг руу бороо ногоо тэгш, газрын гарц сайн, зуншлага сайхан болж байна.

БУМБАТ 5 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022-07-01 149
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн болон нийтийн хурлыг улирал тутамд зохион байгуулж байхаар тогтсон. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу жил бүрийн 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дараа онд ОНХС-ийн хөрөнгөөр орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг тухайн шатны хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан. Энэ хүрээнд Баян-Өндөр сумын таван багийн иргэдийн Нийтийн Хурал 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдөр 2022.07.01-ний өдөр Бумбат 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал Соёлын төвд боллоо. Хурлын эхэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чулуунпүрэв аймгийн ИТХ-ын мэдээлэл, төлөөлөгчийн хувиар хийж буй ажил, улс, аймаг, сумын төсвийн тухай ойлголт, тэдгээр төсвийн хөрөнгөөр Баян-Өндөр суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, ажил, үйлчилгээний талаар мэдээлэл өгөв. Сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, Засаг дарга С.Чулууншагай нар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажил болон дараа жилийн төсвөөр хэрэгжүүлэх ажлын саналын талаар танилцуулга хийлээ. Тавдугаар багийн иргэд Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар 2023 онд хийгдэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэн хэлэлцэж шийдвэрлэв.

БАТХААН 2 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022-06-30 150
Батхаан багийн төвд 2022.06.30-ны өдөр 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Батхаан багийн иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сум баг, орон нутгийнхаа хог хаягдлыг цэгцлэх, түүнийг шийдсэн бусад сумын туршлагын талаар болон мод тарих, түүнийг арчилж тордох талаар зэрэг оновчтой санал санаачилга олныг гаргаж, хуралдаа ирц сайтай, идэвх санаачилгатай оролцов. Хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чулуунпүрэв, сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, Засаг дарга С.Чулууншагай, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн А.Нэргүй нар холбогдох мэдээлэл танилцуулгыг хийв. Багийн хуралдаа Батхаан багийн төв рүү Хорхойтын эх Улаан эрэгээс Аймгийн сайн малчин П.Бядарна 10 гаран км, Өвөр Царамаас Аймгийн сайн малчин, Алтан хурганы эзэн Ж.Сайнбилэг 30 гаран км хос цавьдар морьтой ирж, багийн хуралдаа оролцсон нь онцлог байлаа. Сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал П.Бядарна гуай 80 шахам, Ж.Сайнбилэг гуай 70 шахам настай хүмүүс багийн хуралдаа мориор ирж оролцсонд бахархаж, талархаж байгаагаа илэрхийлж, хуралд оролцогчид баяр хүргэв. Батхаан багийн төвийн байрны дэргэд хуучин эмнэлгийн туурин дээр 1980 оны сургууль төгсөгчдийн тарьсан мод 100 хувь бүрэн ургаж байна. Энэ сайхан санаачилгыг багийн иргэд, сумын удирдлагууд дэмжиж, ирэх жилийн ОНХС-ийн хөрөнгөөр хашааг өргөтгөн, нэмж мод тарихаар тогтов. 1980 оны төгсөгчид маань зөвхөн мод тарьж, хашаажуулаад орхисонгүй, багийн төв дээр нутагладаг Т.Гансүхээр байнгын усалгааг хийлгэж, ажлын хөлсийг шийдэж өгдөг сайн жишиг тогтоожээ.

ӨВӨРЗҮЛЭГТ 3 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022-06-30 145
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн болон нийтийн хурлыг улирал тутамд зохион байгуулж байхаар тогтсон. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу жил бүрийн 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дараа онд ОНХС-ийн хөрөнгөөр орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг тухайн шатны хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан. Энэ хүрээнд Баян-Өндөр сумын таван багийн иргэдийн Нийтийн Хурал 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр 2022.06.29-ний өдөр Өвөрзүлэгт 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал багийн төвд болж өндөрлөлөө. Хурлын эхэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чулуунпүрэв аймгийн ИТХ-ын мэдээлэл, төлөөлөгчийн хувиар хийж буй ажил, улс, аймаг, сумын төсвийн тухай ойлголт, тэдгээр төсвийн хөрөнгөөр Баян-Өндөр суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, ажил, үйлчилгээний талаар мэдээлэл өгөв. Сумын ИТХ-ын дарга С.Баянжаргал, Засаг дарга С.Чулууншагай нар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажил болон дараа жилийн төсвөөр хэрэгжүүлэх ажлын саналын талаар танилцуулга хийлээ. Гуравдугаар багийн иргэд хуралдаа идэвхтэй оролцож, Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар 2023 онд хийгдэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэн хэлэлцэж шийдвэрлэв.

Хартойром 4-р багийн ИНХурал хуралдлаа

2022-06-25 146
Хартойром 4-р багийн ИНХурал хуралдлаа
khural.mn

БАЯН-ӨНДӨР СУМЫН НААДАМ 7 САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО

2022-06-24 121
БАЯН-ӨНДӨР СУМЫН НААДАМ 7 САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар сумдын баяр наадмын товыг тогтоосон. Үүний хүрээнд манай сумын баяр наадам 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо. - Бөхийн барилдаан, морины уралдааныг сүүлд шинэчлэгдэн гарсан хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зохион байгуулна. - Хурдан морины уралдаанч хүүхэд даатгалд хамрагдсан, иж бүрэн хамгаалалтын хувцас, дугаартай байх бөгөөд хэрэв аль нэг нь дутуу нөхцөлд уралдаанд оролцуулахгүй болохыг мэдэгдье. Наадмын дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөрийг тухайн үед та бүхэнд хүргэх болно.
khural.mn

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОВ

2022-06-11 140
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОВ Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Багийн Иргэдийн Нийтийн Хурал: 1. Хартойром 4 дүгээр багийн ИНХ - 6 дугаар сарын 24-ны өдрийн 12:00 цагт багийн төвд; 2. Бумбат 5 дугаар багийн ИНХ - 6 дугаар сарын 28 ны өдрийн 15:00 цагт Соёлын төвд; 3.Өвөрзүлэгт 3 дугаар багийн ИНХ - 6 дугаар сарын 29-ны өдрийн 12:00 цагт багийн төвд 4. Бөмбий 1 дүгээр багийн ИНХ - 6 дугаар сарын 30 ны өдрийн 11:00 цагт багийн төвд 5. Батхаан 2 дугаар багийн ИНХ- 6 дугаар сарын 30 ны өдрийн 15:00 цагт багийн төвд тус хуралдана. Хуралдаанаар: Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвараар хийгдэх төсөл арга хэмжээг эрэмбэлэх тухай, Бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Иргэд Та бүхэн хуралдаа идэвхи санаачилгатай оролцоно уу.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-08 141
2022 оны 06 сарын 06-ны өдөр сумын ИТХ-ын 8 дугаар хуралдааныг Соёлын төв-д хуралдан дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. ✔ Энэ удаагийн хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанаар: ✅Сумын 2021 оны төсөвийн гүйцэтгэлийг хэлэлцэн баталж, 2022 оны төсөвт тодотгол хийж баталлаа. ✅Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. ✅Зорилтот жилийн ажлын хагас жилийн биелэлтийг дүгнэн баталлаа ✅Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийг шинэчлэн баталж, тэргүүлэх чиглэл, иргэнд олгох зээлийн доод хэмжээг тогтоолоо. ✅Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн байгуулагын мэдээлэл тайланг сонслоо. ✅Эрүүл мэндийн төвийн ковидын үеийн хандивын тайланг сонсож хэлэлцлээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛЛАА.

2022-06-02 172
Баян-Өндөр сумын ''Эмэгтэйчүүдийн 3 дугаар чуулга уулзалт'' 2022.05.31-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Чуулга уулзалтад нийт 420 эмэгтэй оролцож, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, тэргүүнээ сонгосон юм. Мөн алдарт эхийн 2-р зэргийн одонгоор 19 ээж шагнагдаж одонгоо гардан авлаа. Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагнал "Дархан бэр" шагналаар 13 ээж, "Уран бэр"шагналаар 9 ээж тус тус шагнагдлаа. Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Л.Гантулга, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн дэд ахлагч, хөөмийч О. Батдорж, дуучин А. Анударь болон бусад дуучид чуулга уулзалтад ая дуугаа өргөлөө. Энэхүү арга хэмжээг гардан зохион байгуулсан эмэгтэйчүүдийн зөвлөлийн нийт бүсгүйчүүддээ баярлалаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНТАЙ БОЛЛОО.

2022-05-17 149
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн машинтай боллоо. 2022.05.16-ны өдөр аймгийн удирдлагууд түргэн тусламжийн машиныг эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Дашдэлгэр, жолооч С.Ганхуяг нарт хүлээлгэн өглөө.

АЙМГИЙН АРСЛАН ТӨРБАТЫН ДОВЧИНСЭМБЭЭ ҮЗҮҮРЛЭЛЭЭ

2022-05-08 148
АЙМГИЙН АРСЛАН ТӨРБАТЫН ДОВЧИНСЭМБЭЭ ҮЗҮҮРЛЭЛЭЭ Өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болсон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын арслан, Гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 0256 дугаар анги, “Бумбат зүрх” ХХК-ийн бөх, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ уран хурц барилдааныг үзүүлэн урамтай сайхан барилдаж, үзүүр булаалаа. Өнөөдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээ: 1. Нэгийн даваанд: Аймгийн начин О.Баярбаасан /Архангай/ 2. Хоёрын даваанд: Аймгийн арслан Т.Буянжаргал /Дорноговь/ 3. Гурвын даваанд: Аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/ 4. Дөрвийн даваанд: Улсын заан Э.Анар /Дорнод/ 5. Тавын даваанд: Улсын харцага Н.Золбоо /Баянхонгор/ 6. Зургаагийн даваанд: Улсын харцага Б.Цэдэнсодном /Өвөрхангай/ 7. Долоогийн даваанд: Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ нарыг давж, 8. Наймын даваанд: Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/-д өвдөг шороодон нутгийн улсын арслангийнхаа нэрэмжит барилдаанд үзүүрлэснээр Монгол бөхийн өргөөнд зохиогдож буй улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд анх удаа үзүүрлэсэн онцгой амжилт гаргасан юм. Үүнээс өмнө Т.Довчинсэмбээ арслан 2021 оны 8 дугаар сард Хүй долоон худагт болсон улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаанд 7 даван их шөвөгт шалгарч, тухайн үед барилдсан бөхчүүдэд зарласан ёсоор Монгол Улсын зааны давааны болзлыг хангаад байгаа билээ. Төрбатын Довчинсэмбээ 1988 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Үндэсний бөхөөр: 2007 онд: Ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээ Баян-Өндөр сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол; 2011 онд: “Их шавь” дээд сургуулийг төгссөн жилээ Өвөрхангай аймгийнхаа наадамд 5 даван шөвгөрч, аймгийн начин цол; 2012 онд: Өвөрхангай аймгийнхаа наадамд 5 даван шөвгөрч, аймгийн начин цолоо баталж, чимэг нэмсэн; 2013 онд: Өвөрхангай аймгийнхаа наадамд 5 даван шөвгөрч, аймгийн начин цолоо баталж, чимэг нэмсэн; 2016 онд: Өвөрхангай аймгийнхаа наадамд 8 даван түрүүлж, аймгийн арслан цол; 2018 онд: Өвөрхангай аймгийнхаа наадамд 7 даван үзүүрлэж, чимэг нэмсэн; 2019 онд: “Хүрээ цам” даншиг наадамд 5 даван шөвгөрч, даншгийн начин цол; 2021 онд: Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаанд 7 даван шөвгөрч, улсын заан цолны даваа давсан. Аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээдээ Б.Ганбаатар арслангийнхаа түүчээлсэн амжилтад хөтлөгдөн улсын өндөр цолонд удахгүй хүрэхийн ерөөл өргөе. Нутгийн уул ус мөнхөд түшиж, монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН БАНДИЙН ГАНБААТАРЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААН БОЛЛОО

2022-05-08 163
Өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын арслан, Гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж, нутгийн удирдлагын зүгээс хүндэтгэл үзүүлж оролцлоо. Бандийн Ганбаатар арслан 1980 онд 22 насандаа улсын начин цол хүртэж, 1985 онд улсын начин цолтойгоор тухайн үе болон хойчийн цагийг эзэлсэн алдар цуут Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Хадбаатар нарын дөрвөн аваргыг өвдөг шороодуулж, уран гавшгай барилдаанаараа улс даяар шагшигдан түрүүлсэн юм. Түүгээр зогсохгүй Бүх ард түмний спартакиад, Улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд дараалан түрүүлсэн амжилтаараа тухайн үеийн хууль журмаараа бол улсын аварга цолыг зүй ёсоор хүртэх ёстой байсан гэж ч үздэг билээ. Б.Ганбаатар арслан бол зөвхөн Баян-Өндөр сумын гэлтгүй Өвөрхангай аймгийн нийт бөхчүүддээ түшиг тулгуур болж явдгийг нутгийн бөхчүүд бэлхнээ мэднэ. Самбо, жүдо бөхөөр улс, олон улсын тэмцээнээс 40 гаруй медаль авсан Олон улсын хэмжээний мастер тэрбээр их спортын тамирчдыг улс, тив, дэлхийн хэмжээнд бэлдэж, гаргасан амжилтыг нь төр засгийн зүгээс 2009 онд Гавьяат дасгалжуулагч цолоор үнэлж шагнасан. Монгол Улсын 21 аймаг, 330 сумаас улсын наадмын түрүү бөхтэй аймаг, сум тэр болгон байхгүй. Тийм болохоор улсын наадмын түрүү бөхтэй сум гэдэг бол үндэсний бөхийн хүрээний хувьд, өв соёлоо дээдэлдэг монголчуудын хувьд маш том нэрийн хуудастай сум гэсэн үг мөн. Монголчууд хэн хүнтэй танилцаж, нутаг усыг нь мэдэлцээд тэр нутгийн бөхөөр нь эхэлж мэддэг, лавшрууулдаг нь бөхөө дээдэлдэг манай ард түмний сонин сайхан онцлог заншил гэж хэлж болно. Нэг нутгаас том цолтой бөх байна гэдэг нутгийн бөхчүүддээ маш том нөмөр нөөлөг, түшиг тулгуур болдог гэдгийг бөхчүүд, бөхийн хүрээнийхэн ярилцдаг. Архангай, Өвөрхангай, Увс гээд улсын наадмын хамгийн олон түрүүтэй аймгууд бол мэдээж тухайн ард түмний төрмөл авьяас, бие бялдрын онцлог, газар нутаг, удам судрыг дагахаас гадна түрүү үеийн томчуудын нөмөр нөөлөг, алдар цуу их нөлөөлдөг, барилдах бөхчүүдийн сэтгэл зүй шал ондоо байдаг хэмээдэг. Тэгэхээр Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн бөхчүүдийн өмнөх жилүүдэд гаргасан амжилтад улсын наадмын түрүү бөх, гавьяат дасгалжуулагч, арслан Ганбаатарын амжилт, алдар цуу, арвин туршлага онцгой нөлөө үзүүлсний дээр хойшид гаргах олон олон амжилтад салшгүй холбоотой байна гэдэгт итгэлтэй байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын Хүчит арслан Бандийн Ганбаатар Таны нутгийн ард түмэн, үе үеийн бөхчүүдийн өмнө бүтээсэн бахархалд тань Баян-Өндөр сумын зон олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та урт насалж, удаан жаргаж, нутаг орныхоо бахархлыг бадрааж явахыг хүсэн ерөөе. Монгол бөхийн босоо цагаан хийморь Таныг болон нутгийн зон олныг маань ашид ивээх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%